Friday, November 30, 2012

Forex gold trend 12-1

24 тонн алттай тэнцэхүйц хэмжээний гэрээг зах зээлд оруулсанаар үнэт металлуудыг жоохон султгаж чадав. Гэхдээ бодит металл ба цаасан металлын эрэлт их байгаа болохоор удахгүй дээшээ трендээ үргэлжлүүлэх нь мэдээж. Өдөр тутмын стокастик доош чиглэсэн хэвээр байна. Дээшээ эргэх цагт буцаад 1750 дахь резистанс дээр дахин бух баавгайнуудын тулаан болно. Удаад магад бухнууд дийлэх биз. Бидний оролдож байгаа арилжаа гэх энэ зах зээл маань үнэндээ том банкнуудын тоглоом юм. Комекс бирж гэхэд л хээл хахуульд идэгдсэнээрээ зартай.  Одоо болтол олон хэргүүд шүүх дээр шийдэгдээгүй байсаар л байна. Хамгийн гол нь жижиг гарын тоглогчдын эсрэг байнга шинэ дүрэм гаргаж байдаг. Хэрвээ металлын ханш хэт өслөө гэхэд арилжаанд оролцох гэрээний доод хязгаарыг өсгөдөг. Ийм тохиолдолд жижиг хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүмүүс уг мөнгийг төлж чадахгүй бөгөөд гэрээгээ зарж эхэлнэ. Үүнээс үүдэн асар хүчтэй уналт болдог. Олон арилжаачид маржин колл болж дансаа алдана. Ийм л булхайтай ертөнцөд бид амьдарч байна. Банкируудын бүлэглэл долларыг хэвлэх эрхийг авсан 1913 оноос хойш энэ бохир тоглоом өнөөгийн сонгодог төрхөө олтлоо хөгжжээ. Зөвхөн Америк бус дэлхийн эдийн засгийг хамтад нь доош чирж буй бүлэглэл билээ. Илүү их үрэлгэн загнахын, тулд илүү ихийг идэхийн тулд, илүү ихийг олон сая гэмгүй иргэдээс дээрэмдэхийн тулд дахин долларыг зөөллөх бодлогоо Холбооны нөөц зарлалаа. Өмнөх өрөө төлөөгүй байж, засгийн газрын зарцуулалтыг танаагүй байж дахин тэрбум тэрбумаар доллар хэвлэхээр гараа өргөцгөөлөө. Сард 40 тэрбум доллар хэвлэнэ. Бодлогын дуусах хугацаа тодорхойгүй. Яагаад холбооны нөөц, тэдний гар хөл болсон банкууд үнэт металлын ханшийг хүчээр дарна вэ? Тэд олон сая энгийн иргэдийг эдийн засгийн байдал үнэхээр ямар муу байгааг мэдээсэй гэж хүсэхгүй байна. Өөрсдийн тоглоомоо олон жил үргэлжлүүлэхийг хүсч байна. Банкирууд дэлхийг атгаснаас хойш энэ дэлхий дээр амьдардаг хүмүүс жинхэнэ мөнгөний үнэ цэнийг ч мартжээ. Олон мянган жилийн турш алт, мөнгө мөнгөний үүргийг гарамгай сайн биелүүлж ирсэн. Тиймдээ ч хатуу тэмдэгт гэж нэрлэгддэг. Харин бидний хэрэглэж байгаа мөнгөн тэмдэгт маань юугаар ч баталгаажаагүй цаас билээ. Уг цаасыг хүчинтэй болгож буй зүйл нь засгийн газрын амлалт ба иргэдийн итгэл дээр тогтдог. Олон тэрбум хүмүүс банкны хэвлэсэн цаас үнэ цэнэтэй гэдэгт итгэсээр байгаа. Гэхдээ бидний амьдралаа залгуулж байгаа мөнгө нь банкируудын хүссэнээр үнэ цэнээ алдаж байдгийг цөөхөн хүн мэддэг. Мөнгөн тэмдэгтийг үнэт металлаар баталгаажуулсан тохиолдолд ханшыг унагахад маш хэцүү. Ер нь л боломжгүй. Ийм үед банкууд иргэдэд тогтоох хяналтаа алддаг юм. Юмны үнэ тогтворжино. Эдийн засаг тогтворжино. Бүх зүйл зөв голдрилдоо орно. Харин хүссэнээрээ хэвлэж буй үед бидний гар дээрх мөнгийг зогсоо зайгүй үнэгүйдүүлж бидэнд тодорхой хөрөнгөтэй байх боломжийг огтхон ч олгохгүй. Ийм үед цагийн ажил хийдэг иргэний цалин жилээс жилд амьдралд нь хүрэлцэхгүй болох бөгөөд заавалчгүй хоёр дахь эх үүсвэрээр амьдралаа залгуулахад хүрнэ. Өнөөгийн нөхцөлд хүн болгоны очих газар нь банк билээ. Тэнд нөгөөх хэвлэсэн цаас нь овоолгоотой байгаа. Ингэж л хүмүүс банктай үүрдийн боолын гэрээ байгуулж эхэлдэг юм. Хэрвээ та дэлхийн түүхийг, банкны түүхийг, мөнгөний түүхийг уншаагүй бол одоогийн байгаа систем нь гарцаагүй юм аа гэдэгт итгэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл бүх л корпорациуд, ноёлогч анги дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж байна. Тэд таны тархийг зогсоо зайгүй угаах болно. Үнэнийг мэдэхийн тулд уншиж, судлахаас өөр арга үгүй билээ. 


No comments:

Post a Comment