Sunday, June 2, 2013

Жорж Карлин: Шашин бол утгагүй зүйл



Бүх цаг үеийн хамгийн шилдэг утгагүй зүйл бол шашин. Ямар ч өрсөлдөгч байхгүй. Шашинд хамгийн агуу утгагүй түүхийг өгүүлдэг. Бодоод үздээ шашин хүмүүсийг тэр дээр тэнгэрт нэгэн үл үзэгдэгч нөхөр бий гэдэгт итгүүлж чадсан. Өдөр бүр, цаг тутам үйлдэл бүрийг чинь харж байдаг гэнэ. Тэгээд үл үзэгдэгч хүнд таны хийж болохгүй 10 зүйлсийн жагсаалт байдаг. Хэрвээ та эдгээрийн аль нэгийг л хийх юм бол таныг тусгай бэлдсэн газар доор байдаг шатаадаг, утдаг, тамладаг газарт үлдсэн амьдралыг чинь тарчлааж, орилуулж, чарлуулж, хүчирхийлж өнгөрүүлэх болно. Гэхдээ тэр таньд хайртай!
Тэр таныг хайрладаг. Тэгээд түүнд мөнгө хэрэгтэй! Түүнд дандаа мөнгө хэрэгтэй. Тэр бол төгс, бүхнийг мэддэг, ухаалаг, хүчирхэг. Даанч мөнгөн дээр тулахлээр л өөрийгөө удирдаж чаддаггүй. Шашин хэдэн тэрбум доллар авдаг, ямар ч татвар төлдөггүй, тэгээд үргэлж жоохон ахиухан авахыг хүсдэг. Хэрвээ та утгагүй түүх сонсохыг хүсвэл энэ чинь л ёстой ариухан утгагүй зүйл юм шүү дээ. Та бүгдийг нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байна. Би ертөнцийн эзэнд итгэхийг үнэн сэтгэлээсээ итгэхийг оролдож байсан. Хэн нэг нь биднийг өөр өөрийн онцлогтойгоор бүтээж, биднийг хайрладаг гэдэгт итгэхийг хүсч байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам та улам л их амьдралын туршлагатай болно. Тэгээд бүх зүйл нэг л биш байгааг ойлгож эхэлнэ.
Дайн, өвчин, үхэл, сүйрэл, өлсгөлөн, бохир заваан орчин, ядуурал, залхаан цээрлүүлэлт, гэмт хэрэг, хээл хахууль. Хорвоо дэлхий нэг л биш ээ. Энэ бол яавч сайн үр дүн биш. Энэ бүгд хэрвээ ертөнцийн эзний хийж чадах хамгийн шилдэг бүтээл юм бол би огтхон ч бишрэхгүй байна. Иймэрхүү ажлын туршлага дээд язгуурт амьд биетэд яасан ч зохихгүй. Ийм ажлыг оффист ажилладаг зан ааш муутай ажилтан л хийж чадна. Иймэрхүү маягаар ажиллаад байвал мань эр аль хэдүйн ажлаасаа халагдсан байгаа. Энэ бүхнийг хараад байхад ертөнцийн эзэн яалтчгүй эрэгтэй хүн байх. Ямар ч эмэгтэй хүн бүх зүйлийг ингэж хөл толгойг нь алдуулж чадахгүй.
Хэрвээ үнэхээр ертөнцийн эзэн байдаг бол тэр ер нь юунд ч санаа зовдоггүй гэдэгт олон ухаалаг хүн итгэдэг байх. Тэр огт тоодоггүй  болхоор л иймэрхүү муу үр дагавар гараад байгаад би итгэж байна. Ямар ч ажлын чадваргүй дээд эцэг гэх нөхөрт ухаангүйгээр, сохроор, зорилгогүйгээр  итгэдэг робот байхын оронд би орчин тойрноо судалж эхэлсэн. Харин шүтэж дээдлэх юм байдаг юм байнаа. Хайрлаж хүндлэх зүйл байдаг юм байна. Би тэгээд нарыг сонгосон. Нэг л шөнийн  дотор би нарыг шүтэгч болоодохлоо. Гэхдээ шөнийн дотор биш л дээ. Шөнө нарыг харж чадахгүй. Дараа өглөө нь харсан эхний зүйл юм.
Олон шалтгаан байнаа. Нэгт би нарыг харж чадна. Бусад бурхдыг бодвол би нарыг бодитоор харж чадна. Юмыг харж чадаж байна гэдэг бол нотолгоог их болгож байгаа юм. Өдөр бүр би нарыг харах бөгөөд надад хэрэгтэй бүхнийг өгдөг. Дулаацуулж, гэрэлтүүлж, хоол хүнсийг болгож, цэцэгсийг ургуулж, биеийг борлуулж, хааяа арьсны хавдар өгдөг. Гэхдээ л өөртэй нь санал нийлсэнгүй гэж биднийг цовдолж, галд шатаадаггүй. Нарны шүтээн бол маш энгийн. Ямар ч оньсого, нууц, баяр ёслол, мөнгөн төлбөр байхгүй бөгөөд ямар ч дуу сурах хэрэггүй. Амралтын өдөр бөөнөөрөө цуглаад бие биенийхээ хувцасыг шинжих байшин ч байхгүй.
Нарны хамгийн сайхан зүйл нь надад хэзээ ч "чи бол үнэ цэнэгүй" гэж хэлэхгүй. Намайг муулахгүй, аврагдах хэрэгтэй ч гэж хэлэхгүй. Надтай шударга харьцдаг. Тэгэхлээр би нарыг шүтдэг боллоо. Гэхдээ... би наранд залбирдаггүй. Яагаад гээч? Би нөхөрлөлөө буруугаар ашигламааргүй байна. Энэ бол бүдүүлэг хэрэг. Хүмүүс ертөнцийн эзэнтэй их бүдүүлэг харьцдаг. Байнга хэдэн их наяд доллар нэхээл, ийм ч зүйл тийм ч зүйл гээл гуйгаал, гувшаал, асуугаал. Надад шинэ машин, шинэ ажил хэрэгтэй байна гээл. Гэхдээ залбирал нь дандаа бүтэн сайнд болдог. Яагаад гэвэл тэр нь ганц завтай өдөр нь.
Энэ бол сайн зүйл биш. Найзтайгаа ингэж харьцаж болохгүй. Хүн бүр янз бүрийн зүйл залбирдаг л даа. Эгч минь гуяндаа мэс засал хийлгэх хэргтэй байна, ах маань дэлгүүрт бие засч байгаад баривчлагдчихлаа. Дийлэнх чинь дэлгүүрт ажилладаг халуухан бүсгүйтэй амраглуулаад өгөөч гэж залбирдаг. Тийм зүйлийн төлөө залбирч болох уу. Би бодохдоо хэрэгтэй л гэж бодож байна. Зүгээрээ юуны ч төлөө залбирч болно. Гэвч ... Ариун сургааль яах болж байнаа. Санаж байна уу. Дээр үед ертөнцийн эзэн ариун сургааль бүтээсэн дээ. Бодож бодож зөв зүйл байна гэж шийдээд амьдралд хэрэгжүүлсэн шүү дээ. Олон тэрбум жил ариун сургааль амжилттай хэрэгжиж байлаа.
Харин та хүрч ирээд өөрийнхөө хүссэн зүйлийг залбираад эхэллээ. Ертөнцийн эзэн яах болж байна? Сургаалиа өөрчлөх үү? Зөвхөн таньд зориулж уу? Хэтэрхий бүдүүлэг байгаан биш үү? Хоёр долларын залбирлийн дэвтэртэй хүн бүр ариун сургаалийг чинь зөрчөөд байвал яах болж байна. Залбирал чинь биелвэл та юу гэж хэлэх вэ? Ертөнцийн эзний хүслээр гэх үү? Хэрвээ ертөнцийн эзэн анхнаасаа л хүссэн юм бол та залбирч цагаа үрэх хэрэг юу байна. Залбирлыг алгасаад түүний хүсэл дээр очиж болдоггүй юм уу. Энэ бүгд их төвөгтэй л дээ.
Энэ бүхний эцэст би нарыг дээдэлдэг болсон гэж хэлсэн. Би гэхдээ наранд залбираагүй. Би хэний төлөө залбирсан гээч? Жо Пеши. Хоёр шалтгаан байна. Нэгт тэр маш сайн жүжигчин. Хоёрт тэр асуудлыг шийдэж чадах хүн шиг санагддаг. Ертөнцийн эзний шийдэж чадахгүй байсан хэдэн зүйлийг Жо Пеши шийдсэн. Олон жилийн турш хөршийнхөө хуцаад салдаггүй нохойг чимээгүй болгох юмсан гэж ертөнцийн эзэнд залбирдаг байлаа. Жо Пеши ирээд бүхнийг шийдсэн. Жирийн бейсболын цохиураар ямар гайхамшгийг бүтээж болдог нь гайхалтай шүү. Жо Пеши гийн төлөө жил гаран залбирч байна. Би нэг зүйлийг л залбирч байх хугацаандаа мэдэж авлаа.
Жо Пеши гээс залбирч юм гуйхад 50 хувьтай, ертөнцийн эзнээс залбирч юм гуйхад бас л 50 хувьтай биелж байв. Заримдаа биелнэ , заримдаа биелэхгүй. Мэргэч, төлгөч, бөө, туулайн савар, ямааны төмсөгийг атгасан шидтэн эмээгээс гуйхад бас л ялгаагүй байлаа. Тэгэхээр залбирах зүйлээ сонгоод, хүслээ хэлээд хүлээхэд л болоо. Библээс гадна ухаалаг, сургамжтай, амьдралд хэрэгтэй түүхүүд олон байдаг. Таньд санал болгож болох түүх бол гурван торойн үлгэр. Их сайхан төгсдөг. Улаан малгайт байна. Ертөнцийн эзэн байхгүй болохоор л бүхнийг байранд оруулж чадахгүй байгаан. Хэзээ ч байгаагүй юм. Хэрвээ үнэхээр ертөнцийн эзэн байгаа юм бол намайг үзэж байгаа үзэгчдийг бүгдийг нь ниргээд алаадах. Харж байна уу? Юу ч болсонгүй. Бүгд эрүүл саруул байна. Би бооцоогоо өндөрсгөе. Ертөнцийн эзэн байгаа юм бол намайг алаадах. Харж байна уу юу ч болсонгүй. Хүүе байзаарай хөл хөшөөд нэг л биш болчих чинь... Төмсөг өвдөж эхэлж байна. Би бас сохорчлоо. Өө зүгээр болчлоо. Жо Пеши байж л дээ. Жо Пеши-г тэнгэр ивээг.

No comments:

Post a Comment