Saturday, February 12, 2011

Poor man's gold


Дэлхийн эдийн засаг муудаж, хүнсний хямрал нүүрлэн инфляц улам л хүчээ авсаар байна. Энэ цөвүүн цагт хүн бүр л хямралыг яаж давах вэ? хэрхэн мөнгөө өсгөх вэ? эсвэл хэрхэн инфляцаас мөнгөө хамгаалах вэ гэдэг талаар бодож байна. Бид өдөр тутам гартаа барьж буй цаасан мөнгө маань худалдан авах чадвараа улам л алдаж байгааг харж байна. 1 жилийн өмнө 10000 төгрөг авч гараад юу юу авч болдог байснаа одоо 10000 төгрөгөөр юу юу авч чадаж байгаагаа харьцуулаад үзээрэй. 
Тэгэхээр яаж инфляцаас хөрөнгөө хамгаалах вэ? Хүн бүр л янз бүрийн санал хэлэх байх. Газар, хувьцаа, бонд, үнэт металл худалдан авах гэх мэтчилэн. Юун түрүүнд зөв хөрөнгө оруулалт бол урт  ба богино хугацаанд ханшаа алдахгүй түүнчлэн анхны авсан үнээсээ илүү үнээр зарах зүйлийг хэлнэ. LCD зурагт бол хөрөнгө оруулалт биш энгийн хэрэглээ. Технологи асар хурдан хөгжиж буй энэ үед таны 1 сая төгрөгөөр авсан зурагт ирэх жил 500 мянга болсон байж ч мэднэ. За энэ ч яахав тусдаа асуудал. 
Энэ удаад цэвэр мөнгийг (silver) авч үзье. Монголчуудын хувьд алтнаас илүүтэйгээр мөнгө илүү танил зүйл. Мөнгөн аяганд цайгаа уух мэтээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн билээ. Дотор нь хор хийсэн тохиолдолд өнгө нь харалж эзнээ авардаг ч гэж ярьдаг. Саяханыг хүртэл бидний хувьд цэвэр мөнгө бол жирийн л нэг металл байлаа. Харин сүүлийн жилүүдэд мөнгөнд хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж байна. Цаасан мөнгөнд итгэх суларсанаар цэвэр мөнгөний эрэлт ихэсч ханш нь тогтмол өсч байна. Түүнчлэн технологийн дэвшилийн дагуу эрэлт нь урьд хожид байгаагүйгээр өссөн юм. Сансарын технологи, компьютер, гар утас, цөмийн цэнэгт хошуу гэх мэтчилэн аж үйлдвэр болоод батлан хамгаалахын салбар дахь мөнгөний эрэлт маш их болжээ. Түүхэндээ анх удаа олборлосон алтны нөөц мөнгөний нөөцийг гүйцсэн нь ч үүний баталгаа болж байгаа юм. Алт дийлэнхдээ гулдмай хэлбэртэйгээр банкны агуулахад хэвтдэг бол мөнгө дахин сэргээгдэх боломжгүйгээр хэрэглэгдэн алга болдог аж. 
Дээр дурдсан шалтгаануудаас гадна мөнгөний ханшыг өсгөж байгаа зүйл нь мэдээж мөнгийг хөрөнгө оруулалт гэж бодож буйд байна. Америкт энэ оны 1 сард борлогдсон мөнгөн зоос ба гулдмайн тоо аль хэдүйн рекорд тогтоожээ. Мөнгийг цэвэршүүлж худалдаанд гаргадаг компаниуд захиалгандаа хүрэлцэхүйц мөнгөгүй болж уурхайнуудын олборлолт эрэлтээ гүйцэхгүй байна. Энэ бүхэн нийлээд сүүлийн нэг жилийн хугацаанд унци мөнгөний үнийг хоёр  дахин ихэсгэлээ. Энэ бүгдийн дундаас хамгийн чухал асуудал бол алттай адилаар мөнгийг "мөнгө" гэж үзэж буйд юм. Хэрвээ цаасан мөнгийг алтаар баталгаажуулдаг системдээ эргэж орвол алттай хамтаар мөнгийг цаасан мөнгөний баталгаа болгоно ч гэж яригдаж байна. 
Poor man's gold? Яагаад ядуу хүний алт гэж хочилж байна вэ? 
Дундаж хүн барагтай бол унци алт 1400 доллараар аваад байж чадахгүй. Харин дундаж хүн 30 доллараар унци мөнгө авч чадна. Ийм болохоор дунд ангийнхны хувьд мөнгө нь хөрөнгө оруулалтын бас нэгэн боломж юм. Алтыг инфляцаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж буй бол мөнгийг инфляцаас хамгаалах хэрэгсэл бөгөөд хөрөнгөө өсгөх хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгөний эрин дампуурах цагт алт ба мөнгө босоо чигээрээ үлдэнэ гэж дүгнэж буй юм. Бусад үнэт металлууд ч үүнд хамаарах болно. Одоо 30 доллараар авсан унци мөнгө 10 жилийн дараа ямар ханштай байх бол, 30 доллар маань 10 жилийн дараа ямар худалдан авах чадвартай байх бол гэдэг бас л сонирхолтой асуулт. 
Дэлхийн хүн ам урьд хожид байгаагүйгээр өсч байгалийн баялагийн төлөөх хүн төрөлхтний дайн нэгэнт эхэлжээ. Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч гүрэн болох БНХАУ мөнгөний экспортоо 60 хувиар хасав. Дотоодын эрэлт ямар их байгаагийн илрэл. Улс орнуудын төв банкууд алтыг зөвхөн худалдан авдаг боллоо. Хэн ч алтаа зарахыг хүсэхгүй байна. "Баян аав ядуу аав" номыг бичсэн Роберт Киосаки мөнгөний талаар ийм бодолтой байна.




Шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний одоогийн ханш байх ёстой бодит ханшнаасаа хамаагүй хямд гэх бөгөөд цаашид хэд дахин өсөх боломжтой гэж үздэг. Зарим хүмүүс алттай энэ тэнцүү үнэлэгдэх ёстой ч гэж үзэж байна. Мөнгө үнэхээр 21 зууны шилдэг хөрөнгө оруулалт мөн үү гэдэгийг цаг хугацаа харуулах буйзаа.

No comments:

Post a Comment