Tuesday, June 21, 2011

Энд тэнд бичсэн зүйлс - ядуурлын талаар

Ер нь байгалийн баялаг, хоол хүнс үргэлж л дэлхийн иргэдэд хүрэлцээтэй байсан. Харин үргэлж хуваарилалт нь шог байсан. Үеийн үед л нийгмийн баялаг цөөн хүний гарт төвлөрч ирсэн. Ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигтээ баялагийг хэрхэн хуваарилах талаарх маргаан тэмцэл юм. Мэдээж ноёлогч анги бидэнд сайн суралц сайн хөдөлмөрлө гэж суртал ухуулга хийнэ. Гэхдээ бидний хэд нь насан өтөл болсон цагтаа тэдний түвшинд очиж чадах бол? Хүний амьдралд зөвхөн авьяас билэг, хөдөлмөрч зан чанар, аз хийморь нөлөөлөхгүй. Бидний амьдарч байгаа систем маш их нөлөөтэй. Яагаад гэвэл бид өөрсдөө уг системийн эд эс нь юм. Миний хэлэх гээд байгаа санаа бол энэ систем цөөн хүний төлөө үйлчлээд байнаа л гэж. 90 оны хувьсгалын дараа хүмүүс янз бүрээр л баяжсан. Дийлэнх нь хувь нь бараг гараа хөдөлгөлгүй баяжсан шүү. Нийгмийн өмчийг эзэнгүйдүүлж хялбархан хувьчилж авсан, ногоон ягаан тасалбараа мэдэхгүй хүмүүсээс хамаг тасалбар хувьцааг нь цуглуулж том үйлдвэрийн эзэд болсон гээл. За тэгээл газарын наймаа, лиценз. Бид хичнээн онц сураад, нуруугаа хугартал зүтгээд систем өөрчлөгдөхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Мэдээж аминдаа арчаатай, ажил төрөлтэй нэг нь гайгүй л явна. Гэхдээ одоогийн цалин хөлс, инфляцийн төвшинг харах юм бол айдаа бас л бүрхэг байна шүү.



Нийт хадгаламжийн 90 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3-5 хувь нь эзэмшдэг. Монголын баялагийг цөөхөн гэр бүл хуваан эзэмшдэг болохоор 2 сая гаруй хүн ядуу амьдарч байна. Бүх хүнд хүрэлцэхээр хоол хүнс, орох орон, эд баялаг Монголд бий. Гэхдээ ноёлогч бүлгийнхэн ард түмнийг ядуу байлгах сонирхолтой. Ядуу хүмүүсийг дээрэлхэхэд, худалдан авахад амархан. Харин тэр залхуурал, архидалт, хариуцлагагүй байдал нь ядуурлаас улбаалан гарсан зүйл. Өөрсдөө хамаг юмыг хамж идчээд ард түмнээ архичин зандалчинаар нь дууддаг нь хаа газарын луйварчдын зан мөнөөсөө мөн.

Тэр ч тийм шүү. Монголчууд гэхээр чи, би, бидний хамаатан садан, асуулт нэтийнхэн бүгдээрээ, засгийн газар, ерөнхийлөгч, УИХ гээд бүгдээрээ залхуу, хувиа хичээдэг, атаархуу болж сонсогдоод байгаан. Тэр залхуучууд нь лав нийгмийн цөөнх байгаа. Манай ойр төрлийнхөн, найз нөхөд дотор лав ангайгаад хэвтээд байгаа хүн алга. Бүгд л зогсоо зайгүй ажиллаж байна. Гагцхүү амьдрал нь сайжрахгүй байгаа шалтгаан гэвэл авч байгаа цалин нь мөнгөний үнэгүйдэлийг гүйцэхгүй байгаан. 150000 аар цалинждаг гудамжны цэвэрлэгч хүнийг залхуу гэхэд хэцүү. Өглөө 4 цагаас босч өвлийн тэсгим хүйтэнд гудамж шүүрдэж байгаа хүн яавч залхуу биш. Харин ч тийм хүнд ажил хийж байгаагийнхаа төлөө дулаан оффист суудаг хүнээс илүү цалин авмаар. Би дахиад хэлье. Монголд хүн амдаа хүрэлцэхүйц хоол хүнс, байгалийн баялаг, мөнгө бий. Хүн амын цөөнх л тэдгээрийг эзэмшээд байна. Ердөө л энэ.


Зах зээлийн системд бэлтгэлгүйгээр орсон. Өмч хувьчлалыг яаран хийж улсын өмчийг эзгүйдүүлж их хэмжээний хөрөнгийг төрийн эрхэнд байсан хүмүүс авсан. Олон ч үйлдвэр заводууд хаагдаж ажилгүйчүүдийн тоо асар хурдан өссөн. Үүнийг дагаад ядуурал газар авсан. Улбаалан нийгмийн шилжилтийн стрессыг даалгүй олон хүн архинд орж өвгөнт хэмээх хоч зүүх болсон. Хятадаас орж ирдэг байсан жижигхэн өвгөний дүрстэй архийг сайн санаж байгаа байх. Хүмүүс их өхөөрддөг байж билээ. Дараа нь улсын үйлдвэрүүдийг хувьчилж хувьцаа тараасан боловч тухайн үед хүмүүс хувьцааныхаа ашиг тусыг мэддэггүй байснаасаа болоод тэр даруйд нь зарж мөнгөтэй ба эрх мэдэлтэй хүмүүс хямд хувьцааг нь цуглуулан том үйлдвэрийн эзэмшигчид болсон. Сумдад л гэхэд сумын засаг дарга нар айлуудаас хувьцааг авдаг байсан гэж байгаа. Ягаан тасалбарыг зах дээр шуудайгаар нь зардаг байсан гэдэг. 90 оны хувьсгалын дараах эдийн засгийн шилжилт нь санамсаргүй биш бүгд санаатай үйлдлүүд байсан. Тухайн үед төрийн эрхэнд байсан хүмүүс туршлагагүйгээсээ болоод алдаа хийсэн гэж ярьдаг ч цуглуулсан хөрөнгийн харах юм бол алдаа нь үргэлж өөрсдөд нь ашигтай байжээ гэж ойлгогдохоор. Дээрээс АНУ ын боловсруулсан мастер төлөвлөгөө ч үүнд хамаатай. 50, 60 аад оны үеэс ЗСБНХУ-г задарсаны дараа пост социалист орнуудыг хэрхэн бусниулах аргаа боловсруулж байсан гэдэг. Нобелын олон шагналт эдийн засагчид АНУ-ын ТТГ-ын агентууд байдаг. Тийм агентуудын хүчээр буурай орны тархийг угаадаг билээ. Пост социалист орнуудыг эдийн засгийн хувьд колоничлох үйл ажиллагаа нь одоо ч амжилттай явагдсаар байна.


Яагаад соц системд амьдарч байсан хүмүүс материаллаг зүйлд шунаж шүтэх болсон бэ? Тухайн үед төвлөрсөн эдийн засагтай, хувийн өмчтэй байхийг хатуу хориглох буюу хувийн өмчтэй байх нь нүгэл мэтээр сурталчилдаг байлаа. Тэр үед баян хоосны ялгаа бараг байхгүйтэй ижил байсан юм. Хамгийн баян гэгдэх дарга нар ч гэсэн жирийн л Орос тавилгатай энгийн орон сууцанд амьдардаг байлаа. Ганц давуу эрх нь Орос дэлгүүрээр орж үйлчлүүлэх кэкэ. Харин 90 оны хувьсгалын дараа иргэд хувийн өмчтэй болох үүд хаалга нь нээгдэж ёстой л нэг чадахынхаа хэрээр цуглуулах боломжтой болов. Тийм өндөр боловсролтой, төрийн дээд алба хашиж байсан хүмүүс яагаад материаллаг баялагт хэт шунах болсон нь ердөө л амьдралынхаа ихэнхийг тарчиг өнгөрүүлж байсантай холбоотой. Нэг ёсондоо юм үзээгүй ч гэж хэлж болох. 30 юмуу 40 нас хэвийсэн үед нь систем солигдож хүүхэд насандаа үзээгүй тансаглалуудыг анх харсандаа яг л хүүхэд мэт аяглах нь тэр. Хүүхэд таалагдсан зүйлээ заавал авах гэж аашилдаг даа. Бидний үеийн залуучууд юугаараа ялгаатай вэ? Бидний үеийн залуучууд нэгэнт капиталист нийгэмд амьдраад үзчихсэн. Тийм болохоор бидний сэтгэхүй хижээл насны шуналтай төрийн түшээгээс тэс ондоо юм. Материаллаг зүйлээс илүүтэйгээр оюун ухаан, эрдэм боловсролыг чухалчилдаг. Тийм болохоор бидний үе төрийн эрхэнд гарах үед л Монгол улсыг өөрчилж 90 онд нөгөө яриад байсан шударга ёс, тэгш эрх, баян хоосны ялгаагүй нийгмийн төлөө ажиллах болно.


Хятад шиг тэрбум хүнтэй хүнтэй оронд боломжгүй. Монгол шиг цөөн хүнтэй оронд бүрэн боломжтой гэж үзэж байна. :wink: 

Бүгдээрээ л хөрөнгөтөн болоод бусад буурай орны хүмүүс ирж хар ажил хийж байг л дээ. Би эсвэл хэзээ ч хүрч болшгүй утопи зүйл яриад байгаан болов уу. :razz:
30 жилийн дараа хэдүүлээ өвгөрчөөд Монголчуудыг яаж ядуурлаас аврах вэ гэж яриад сууж магадгүй л байх. Тэр цагт харин хамаг баялагаа гадныханд туучихсан 100 хувь цөлийн бүс болсон байх вий дээ. Одоо арай оройтоогүй байна гэж бодном. Олон зуун сая хятад, энэтхэгүүд өлбөрч үхэж байна уу хамаа алга. 2 сая 800 мянган хүнийг орон байртай хоол ундтай амьдруулчих ур ухаан Монголчуудад байгаа гэж бодож байна. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадахгүй бол агуу үндэстэн гэж цээжээ дэлдээд хэрэг юун.


Аан тэр чинь төвлөрсөн эдийн засаг. Төвлөрсөн эдийн засаг практик дээр амжилтгүй менежмент гэдэг нь батлагдсан. Ленин сүүлийн жилүүддээ бас төвлөрсөн эдийн засгийн сул талыг ойлгож зах зээлийн системд шилжих нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Харин санаагаа хэрэгжүүлж чадалгүй нас баран Сталин гэдэг диктатор гараад коммунизмыг үргэлжлүүлсэн. За энэ ч яахав 20 зууны эхэн үеийн явдал. Нэгэнт өнөөгийн Монголчуудыг ядуурлаас аврах талаар ярьж байгаа болохоор гарах гарцын олох нь чухал. Газарын баялагаар баяжина гэж үндсэн зорилтоо засаг төр тодорхойлчоод байгаа учираас гол стратегийн ордуудынхаа хувьцааг иргэдэд тараах маягаар ногдол ашиг өгч ядуурлаас гаргах нэгэн арга байж болно. Ганц Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ. Эрдэнэт шиг дорвитой дахиад 3-4 үйлдвэр байхад төсөвөө ч бүрдүүлээд ард иргэддээ ногдол ашиг өгөөд явах боломжтой гэж бодож байна. 



Инфляц ийм байгаа тохиолдолд одоогийн цалин яагаад ч хүрэлцэхгүй. Цалин гэдэг чинь уг нь амьдрахын тулд авдаг биздээ. Харин одоо цагт цалингаараа амьдарна гэвэл онигоо шиг сонсогддог болж. Хэрвээ тийм л их валютын нөөцтэй болсон юм бол төгрөгийг бага багаар чангаруулах хэрэгтэй. Урьд нь чангаруулах гэхээр хангалттай валютын нөөц байхгүй байна гээд л гомдоллоод байсан. Одоо болохоор юу ч хийхгүй байх юм. Цалин хүрэлцэхгүй байна гэдэг чинь ажилынхаа хөлсөнд авсан мөнгө нь л чалхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор төгрөгийг чангаруулах цаг нь болсон.

Экспортод муугаар нөлөөлнө гээд байгаан. Монгол ямар экспортын их гүрэн биш дээ. Гадаад худалдаа дандаа алдагдалтай гардаг. Маш их импортлогч орон шүү дээ. Тэгээд ч экспортын орлого нийт иргэдэд нээх хүртээлтэй байдаггүй. Төгрөгийн ханшийг сул байлгах сонирхол зарим хүмүүст байх шиг байна.

Инфляци = ядуурал

Инфляци. Инфляци хэнд ашигтай вэ гэхээр мэдээж арилжааны банкуудад. Хүн бүр цалингаараа амьдраад эхэлвэл хэн банкнаас зээл авах билээ дээ. Тийм болохоор инфляци хэмээх үл үзэгдэгч дайсантай байлдаал байна байлдаал байна. Гэхдээ хэзээ ч дарж чаддаггүй нь хачирхалтай. Монгол шиг цөөхөн хүнтэй жижигхэн эдийн засагтай оронд хүртэл дийлддэггүй дайсан гэж байгаа. Уг нь Монгол банкны үүрэг бол инфляцгүй төгрөгийг бойжуулах. Харин одоо яг эсрэгээрээ инфляцийг зохиомлоор хөөрөгдөж байна. Яг л Америкийн холбооны нөөц шиг зогсоо зайгүй төгрөг хэвлэдэг газар болжээ. Зах зээлд хэт их төгрөг нийлүүлэгдэхээр юу болох нь мэдээж тодорхой. Цалин чинь 50000 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд маргааш өргөн хэрэглээний бараа яг тэр хэмжээгээр үнэ нь өссөн байдаг гаж тогтолцоо Монголд нэгэнт бий болсон. Илүү авсан 50000 аараа нэг талх илүү авна гэж бодож байвал горьдсоны чинь гарз гэж хэлж байгаатай яг ижил. Инфляцийг арилжааны банкууд дэмжиж байна. Арилжааны банкны эзэд нь эрх баригчид өөрөө. Монгол банкны ерөнхийлөгчийг эрх баригчид томилдог. Монгол банк бол хараат бус эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй яг л хувийн компани шиг ажилладаг болсон газар. Дургүйгээ хүрвэл ерөнхийлөгчийн хэрэгт хийгээд дараагийн утсан хүүхэлдэйгээ тавьчихна.













No comments:

Post a Comment