Tuesday, June 21, 2011

Энд тэнд бичсэн зүйлс - авилгалын талаар

Хүний үнэргүй адгийн амьтад хүний эрх гэж хашгирч байгаа нь харамсалтай юм. Нийгмийн баялагийг цөөн хэдэн хүн үргэлж идэж байдаг гэж тэнэг нь та нарт хэлсэн байнаа. Бруней гэж улс 100000 хүнтэй. Газарын тосноос олдог орлогоо бүх хүнд тэнцүү хувааж өгдөг гэж байгаа. Тэнд авилга гээч зүйл огт байхгүй. Харин бид хэдэн үе ээрээ идэж барахгүй баялагтай гэх мөртлөө хүн амын дийлэнх хувь ядуу амьдарч болж байгаа юм уу. Эсвэл бид нэг нэгнийхээ ядуу амьдарч зовж тарчилж байгааг харж бахаа хангадаг болсиймуу. Хүний хийсэн нүгэл үр хүүхдээр нь гардаг гэж хууччуул ярьдаг. Тийм л зүйл битий болоосой. Бидний хийсэн сэтгэлийн нүгэл ч тоймгүй шүү нөхдөө. Мэдээж өөдгүй хүний хүүхэд болж төрөхийг хэн ч сонгоогүй. Бид угаасаа эцэг эхээ сонгож чадахгүй. Бид сүүлийн 16 жилийн дотор үндсэндээ хүний мөн чанараа алдсан, зүгээр л барууны нийгмийн зохиомол хүний үнэргүй хэв загварын хүүхэлдэйнүүд болсоноо анзаарахгүй байгаа бололтой. Бидний уужим сайхан сэтгэл, хүнлэг чанарууд хааччаа вэ. Одооны хүмүүс хүний амжилтанд дотороо хорсон зүхэж, хүний зовлонд бах нь ханаж нүд нь сэргээд ирдэг болжээ. Тэгээд ярьж байгаа зүйл нь үндэсний, Монголын гэх зүйл огт байхгүй. Дандаа л барууны номлогчдын ном зохиолоос иш татсан хүний эрх, нийгмийн эрх тэгш байдал, баян ядуу бол байгалийн шалгарал гэх мэт зүйл донгосно. Хүний нийгэм бол оюун ухааны хүчээр нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэж бүгдээрээ эрх тэгш сайхан амьдрахын төлөө зүтгэдэг гэж би ойлгодог. Гол нь бид энэ хүсэл эрмэлзэлээ гэр бүл, танил талаасаа хэтрүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаад гол нь оршино. "Би" эсвэл миний ах эгч л болж байвал бусад нь яахав гэсэн харалган бодолд идүүлчихэж. Бид бол Монголчууд, бид нэгэн гэр бүл гэдгээ ийм богинохон хугацаанд алдчихдаг өрөвдмөөрч үндэстэн юм даа бид.


Хүүхэд ер нь тийм ариухан амьтан биш шүү дээ. Бид хүүхэд байхдаа ер нь маш их амьтан алдаг шүү дээ кэкэ. Хэн царцаа шоргоолж шатааж, хөл толгойгийн тасалж, зурам урхидаж арьсын өвчиж, муур гөлөг дүүжилдэг билээ. Бүгдийг нь л хүүхдүүд хийдэг. Хүн бол амьтаныхаа үүднээс бол араатан. Дандаа цуст яргалал үйлдэхэд бэлэн байдаг. Харин нийгэм биднийг амьтанаас зааглаж хамтран амьдрахад тусалдаг. Бид одоо хүчтэй нь хүчгүйгээ идэж араатан шиг аашилж байна. Энэ чинь өөрсдийн хөгжилөөсөө хэдэн мянган жилээр ухарч байгаагийн шинж бусуу? 1990 оны ардчиллыг гардаж хийсэн хүмүүс одоо бид ийм нийгэмийг хүсээгүй сайн сайхан амьдралыг, бүгдээрээ хангалуун, энэрэнгүй нийгмийг байгуулхын төлөө тэмцсэн гэж ярьж байна билээ. Харин цөөн бусармаг хүмүүсийн харгайгаар коммунист дэглэмээсээ долоон дор тамын тогоонд орчлоо гэж тэд халаглаж байна. Ер нь нийгмийн зохион байгуулалт өөрчлөгдөх үед өөдгүй хүмүүс хувийн ашиг хонжоо хайж эх орноо битгий хэл өөрийгөө худалдахад бэлэн байдаг нь үнэн. Гэхдээ ийм зүйл үргэлж муугаар дуусч байсан. Тэгэх ч болно. Энэ бол зөвхөн нэг нь их идэж нөгөө нь траншейнд хоосон даарч хонож байгаадаа ч биш юм. Өгөх ёстой өгөх ёсгүй ч гэсэн зүйл биш. Энэ бол бидний Монголчуудын хүн чанар, ёс суртахууны асуудал. Энэ бол би баян тансаг амьдармаар байгаа тул чи гудамжинд унт гэж 9 настай хүүхдэд хэлж байгаатай яг адил зүйл!

Харин тийн гэдэс цатгалан яваа цөөн хүний цаана хэдэн мянган хүүхэд өлсч цангаж даарч хөрч хүчирхийлэлд өртөж байна. Дэндүү цөөн Монголчууд дэндүү олноороо тарчилж байна. Шударгаар ажиллаж амьдарч яваа хүнийг хэн оролдож байлаадаа ер нь. Би лав хувьдаа сумоч Батбаяр, Дагвадоржийн хүүхдүүдийг бузар мөнгөөр амь зуулга хийж байгаа гэж бодохгүй байна. Тэд хүч хөдөлмөрөөрөө шударгаар энэ бүхнийг бүтээсэн хүмүүс. Энд байгаа хүн бүр өөрийн амьдралаа дээшлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэдэгт ямар ч эргэлзээ алга. 

Гэхдээ хүн зөвхөн өөрийгөө бодоод явдаг амьтан биш сүрэг буюу нийгмийн амьдралаар замнадаг тул нийгмийн алдаа дутагдлыг хэлж хэлэлцэж байх нь бидний зайлшгүй үүрэг юм. Хүний ямар амьдрах нь бусдад хамаагүй гэхдээ бас хамаатай. Бид бие биенийхээ яаж амьдарч ямар аргаар мөнгө олж байгааг хараагүй биш харж байгаа. Хүн яагаад ингээд хашгираад эхэлдэг вэ гэхээр бусдын жаргал нөгөө хэсэгт нь зовлон болоод эхлэхээр хашгирч эхэлж байгаа юм. Бусдын идсэн мөнгөнөөс болж төдий хэмжээний айл өрхийн төсөв дутаж, хүүхэд нь өлсч, хүүхэд аргагүйн эрхэнд ажил хийхэд хүрч, гэр бүлийн уур амьсгал хүйтэрч, хэрүүл тэмцэлтэй болж байгаа.
Хэрвээ нэг хэсэг нь идсэн ч бусад нь гэдэс цатгалан байвал бас яая гэхэв. Гэхдээ бодит амьдрал тиймгүй байна.

Үнэхээр авилгал гээч энэ зүйл бусдын хувь заяа, амьдралд нөхөж баршгүй гай авчирч байгааг америкийн нийгэм судлаачид манайд ирээд судалгаагаар тогтоосон. АНУ-ын төрийн тэргүүн Буш ирээд танай орон авилгалаа цэгцлэх цаг болсон шүү гэж хатуу анхааруулсан. Бид үнэхээр Хөх Монголын үр сад юм бол хүн бүрийн, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө ухаалгаар ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Баян хүмүүсийг хоморголон устгаж үр хүүхдийг нь хэлмэгдүүлий гэсэн санаа энд байхгүй. Баячуудыг бүгдийн аллаа гээд нийгэм тэгш сайхан амьдардаггүйг түүх харуулсан. Зүгээр л баян хүмүүс өөрийн боломжит орлогоосоо илүү ихийг хүсч хууль зөрчихгүй байгаасай л гэж хүсч байна.

Чи хэзээ нэгэн цагт хань ижил үр хүүхэдтэй болж амьдралийг арай өөрөөр харж нүд чинь нээгдэх болно. Амьдрал бодсон шиг амар биш гэхдээ бас тийм засч болшгүй хэцүү ч зүйл биш. Бид хэдэн биенээ хянахгүй гээд хаачих билээдээ. Нэгэнт л энд онцгүй байна гээд өөр гариг руу нүүхгүйгээс хойш. Алдаа дутагдал байгаа цагт үүнийг хэн нэг нь ярих л болно. Би биш юмаа гэхэд өөр нэг эх орноо гэх сэтгэлтэй аавын хүү ярьж л таараа. 

Бас нэг ийм зүйл байна. Тэдгээр болдоггүй хүмүүсийг зүгээр л мартаад орхичиж болдоггүй юмуу гэж? Тэгж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл муу хүмүүс муу үйлээсээ хэзээ ч ухрахгүй улам л лавшруулан хийсээр л байх болно. Ярьж хэлэхгүй бол нийгэм контролоо алдана гэсэн үг. Тэгээд хэзээ нэгэн цагт хэн нэгний маань дагзанд буу тулгаад зогсч байх вий.

Хүний хэрэгцээ үнэндээ бага шүү дээ. Би нэг аяга хоол иднэ за яахав цадахгүй бол дахиад нэг аягийг гөвчихнө. За тэгээд орон гэр хань ижил байхад ерөнхийдөө болоод явчиж байгаан. Хэрвээ чи энэ улсад аугаа их гавьяа байгуулаад эдийн засгийг тэнгэрт мандуулчиж чаддаггүй юмаа гэхэд зүгээр л сайхан боловсрол эзэмшээд сайхан гэр бүл зохиогоод үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд энгийн сайхан гэр бүл болж төлөвшөөсэй л гэж хүн бүрт хэлэхгээд байна. Энэ богинохон амьдралдаа хүн шиг л яваад бусдад хар муу саналгүй хор хохирол учруулахгүй байчихад л бид эх орныхоо төлөө ихийг хийж байгаа нь тэр. Тэрнээс аугаа их шинжлэх ухааны нээлт хийгээд нийгэмд хувьсгал гаргаадах гэж хүн бүрээс шаардах нь утгагүй. Дор бүрнээ өөрийн хийж чадах бүхнээ дээд цэгт нь хийчхэд л жинхэнэ эх оронч хүн. Би эх оронч гээл бүх эрчүүд нь хил дээрээ хөтлөлцөж зогсох шог биздээ айн. Мөн олигархуудад ард түмнийг ядуу байлгах зориудын сонирхол байгаа нь мэдээжийн зүйл. Ядуу хүнээр хүссэнээ хийлгэж худалдаж авахад амархан шүү дээ. Охид хүүхнүүдийг нь дураараа эдэлж, хөвгүүд залуусыг нь уул уурхай харуул манааны ажилд зархийн тулд л юм.

Бас нэг ужгирсан асуудал бол монголчуудын дундах айдас ба үл итгэлцэл. Бид алхам тутамдаа бие биенээсээ айж хэнд хулхидуулчих бол гэж эмээж явдаг болж. Айдас бол өвчин. Ужгирхаараа хүнийг дотроос нь идэж тэр хүн амьдаараа өмхийрөх болно. Айдаст автсан хүн маш их бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс айдсыг ул мөргүй таягдах хэрэгтэй. Олигархуудад нийгмийг айдаст автуулах сонирхол бас л бий. Цагдаа, тагнуулын төв газрыг ард түмний төлөө биш ард түмнийг залхаан цээрлүүлэх газар болгон ашиглаж байгаа нь үүний тод жишээ. Айдаст автсан хүнийг удирдан залахад бас амархан.

Хүмүүс олигархи, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй муудалцахаас их айдаг. Энэ чинь буруу! Ингэснээрээ та тэдэнд бузар үйл бохир бизнесээ өргөжүүлэх боломж олгоно. Тэд таныг болоод танай гэр бүлийг ална тална гэж сүрдүүлдэг. Үүнээс айх зүйл байхгүй. Нэг үхэхээс ямар хоёр үхэх бишдээ. Үзээд л гарах хэрэгтэй. Тэдэнд ч бас гэр бүл гээд үнэт зүйлс байгаа, адилхан л тэдний үнэт зүйлст халдана гэдгээ хэл. Таныг цохьвол эргүүлээд цохь. Алах гэж дайрвал өөдөөс нь алах гэж дайрах хэрэгтэй. Үүний цаана юу хэлэхгээд байна вэ гэвэл өөдгүй хүмүүст ч гэсэн айдас бий. Энэ бол зөвхөн сэтгэл зүйн тулаан. Хэрвээ тэдэнд хатуухан хариу баривал тэд зүрхшээж дахиж зориглохгүй. Хэрвээ айх юм бол улам амтшиж улам гүнзгийрэх болно.

Нэг жишээ хэлье л даа. 10 жилийн нэг хүүг өөр нэг танхай банди үргэлж дээрэлхэж зодож, дээрэмдэж , элдэвээр доромжилдог байжээ. Хүү түүнээс үхтлээ айж сургуульдаа очихоос цэрвэж ер нь түүний амьдрал там болсон байлаа. Тэгээд тэр өөрийнхөө энэ урагшгүй амьдралыг удаан бодож үзэв. Бодоод байсан чинь хамгийн гол буруутан нь танхай этгээд биш тэр хүү өөрөө байлаа. Тэр өөрөө л анхнаасаа түүнд дээрэлхүүлж түүний бүх ёс бус авирыг тэгэх л ёстой аятай тэвчиж байжээ. Тэгээд эсэргүүцэл үзүүлэхгүй бол энэ бүхэн хэзээ ч дуусахгүй гэдгийг ухаарав. Өөрийнхөө төлөө хатуу зогсохоор шийдэж сургуульдаа очоод танхай этгээдтэй таарах мөчийг хүлээлээ. Танхай банди сурсан зангаараа түүн рүү тоомжиргүй харж мөнгө байгаа эсэхийг асуув. Хүү мөнгө байгаа гэхдээ өгөхгүй гэж хэлэв. Ийм огцом хариу сонссондоо тэр уурлан хүүг дэлсээд авав. Хүү хариуд нь бас л дэлсээд авчээ. Энэ удаа танхай банди үнэхээр цочирдов. Зэвүү нь ч хүрэх шиг айдас ч хүрэх шиг болжээ. Чи яана гэнээ гээд дайртал хүү түүний нүүрлүү угсруулан нударгаа буулгаж нүүр нь цусанд будагдах нь тэр. Сүүлээ хавчиж чихээ хулмайлгасан танхай этгээд ух хумгүй зугтах нь тэр. Үүнээс хойш хүүг хэн ч оролдсонгүй гэнээ. 

Ард түмэн бол яг л энэ хүүгийн адилаар доромжлол ядуу зүдүүгийн зовлонг гэтэлж байна. Хэрвээ бидэнд амьтаны өөрийгөө хамгаалах, үр хүүхэд үндэс угсаагаа хамгаалах зөн өчүүхэн төдий үлдсэн юм бол тэмцэх л хэрэгтэй. Тэмцэхгүй юм бол бид адгууснаас дор гэсэн үг. Зүгээр л ид гэхэд идээл унт гэхэд унтдаг зомби эсвэл утсан хүүхэлдэй гэсэн үг.



No comments:

Post a Comment