Monday, October 3, 2011

Forex psychology

     Форекс сэтгэл зүй бас их сонирхолтой сэдэв байх. Яагаад гэвэл сэтгэл зүй гэдэг бол арилжааны хамгийн чухал хэсэг юм. Миний анзаарсан зүйл бол хүн болгон л мэдээ уншаад болох гэж буй үйл явдалыг ойлгоод, индикатороо сайн сурсан бол өсөх цэг, унах цэгээ тодорхойлоод сурчихдаг. Харин яг тэр сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр айдас, шунал хоёрын гогцоонд ороогдоод буруу шийдвэр гаргачих гээд байдаг асуудал бий.
     Түүнчлэн та арилжаанд орж байхдаа өөрийгөө бодит амьдрал дээр яг ямар хүн бэ гэдэгээ таних хамгийн сайхан боломж мөн гэдэг үг туйлын үнэн байх. Ханш өсөхөд хэрхэн шунаж байгаа, ханш унахад хэрхэн айж байгаа нь таны дотоод мөн чанар юм. Ямар ч тохиолдолд тайван байдалаа хадгалж байгаа нь бас л таны хэр сэтгэлийн хаттай вэ гэдэгийн илэрхийлэл.
     Тэгэхээр хамгийн түгээмэл гаргадаг алдаануудын талаар бичих гэж оролдъё. Юун түрүүнд гаргадаг алдаа бол форексыг шууд л санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гүүр мэтээр харах. Зөвхөн их хэмжээний мөнгөтэй болж байгаагаа төсөөлсөнөөр та мөнгөтэй болоход туслах гол гол хичээлүүдийг таягдан хаяж байна гэсэн үг. Яаж хүрэх гэдэг талаараа төлөвлөгөө гаргаж суралцахын оронд тансаг машин унан зугаалж байгаагаа төсөөлөх юм бол таны мэлмий булингартах болно. Үүнээс үүдээд л нийтлэг алдаанууд гарч эхэлнэ дээ.
     Юун түрүүнд тодорхойлох ёстой зүйл бол та форексоос яг хэдий хэрийн ашиг олохыг хүсч байгаа нь вэ гэдэг юм. Дийлэнхдээ хоёр л сонголт бий. Сар тутмын хэрэглээний мөнгөө олох эсвэл насаараа идэх хөрөнгөө олох. Аль аль нь боломжтой ч хоёрдох сонголт бол сэтгэл зүйн хувьд хүнд илүү дарамт учруулдаг. Ямар ч хүнд их хэмжээний мөнгөний талаар бодох дарамттай нь мэдээж. Гол нь түүнийг ийм хэцүү зах зээлээс босгож авна гэдэг бүүр ч хэцүү. Миний ажигласанаар дийлэнх хүмүүс хоёрдох замыг сонгодог. Мэдээж хүн бүр л залуугаараа баяжиж санхүүгийн хувьд тусгаар тогтнолоо олохыг хүсч байгаа.
     Яг эндээс эхлээд л гол алдаануудаа гаргаж эхэлж байгаан. Өөртөө би арван жилийн дараа биш, таван жилийн дараа биш, жилийн дараа биш, сарын дараа биш, харин яг одоо л баяжмаар байна гэж хэлдэг. Бүх л амьдралаа товчлоод намайг яг одоо диваажинд хүргээд өгөөчээ гэж байгаатай яг ижил. Тэгээд яах вэ гэхээр хэт их мөнгөөр оролцоно. Дансныхаа дийлэнх хувиар оролцож мөнгөө бөөн бөөнөөр шатаана. Хэт их хөшүүрэг хэрэглэж зах зээлийн савалгааг дийлээгүй данс нь тэр дороо л улайна.
     Мөнгөний менежментгүй байх, хэт их хөшүүрэг хоёр бол таны хамгийн том дайсан. Тийм болохоор анхлан бодит дансаар арилжаа хийж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой хувь бол дансныхаа 5-10 хувиар арилжаанд орох. Түүнээс бага бол бүүр ч сайн. Мөнгө чинь л удаан өсч тамлах байх. Тэгээд хөшүүрэг 10 аас хэтрэхгүй байвал зүгээр. Ер нь форекс гэдэг бол сугалаа сугалж гэнэт суга баяжихын нэр биш. Урд удаан хугацаанд тэвчээртэй, төлөвлөгөөтэй ажиллаж зорилгодоо хүрэх юм.
    Тэвчээр гэдэг зүйл ч таниас их шаардагдана даа. Арилжаанд орчихоод ханш жоохон унаад мөнгө чинь хасах болоод ирэхлээр ч бас л бажигдаж эхэлнэ шүү дээ. Хуруу чинь маус руу гаа яваал close гэдэг товчлуур дарчих гээл. Бас нэг зүйл өөрийн анхнаасаа боловсруулсан төлөвлөгөөгөө дагахгүй байх. Жишээ нь 100 долларын өсөлтийн дараа арилжаагаа хаана гэж төлөвлөж байсан бол 50-60 долларын дараа арилжаагаа хаачих гээл, ханш эргээд унах гээд байгаам шиг санагдана. Тэгээд сүүлдээ тэсвэр барагдаад төлөвлөж байснаасаа бага ашигтайгаар арилжаа хаачихдаг. Тэгтэл хэдэн цагийн дараа эсвэл хэдэн өдөрийн дараа ханш таны анхлан төлөвлөж байсан төвшинд хүрэх бөгөөд та арилжаагаа эрт хаасандаа харамсах болно. Тэгээд өөртөө би мэдээд байсан юмаа гэж хэлнэ. Мэдээд байсан мөртлөө яагаад хаачихваа гэдэг л асуудал юм.
     Өөр нэг алдаа бол буруу байрлалаас арилжаанд орчихоод ханш унахад эргээд сэргэх  байх гэж итгэсээр их хэмжээний алдагдал хүлээх юм. Хэрвээ -10 хувь болчихоод индикаторууд сэргэх шинжгүй бол бушуухан арилжаагаа хаах хэрэгтэй. Хэдэн цагийн дараа арилжаа чинь -100 болсон үед уйлах хэрэг гарна. Живж байгаа усан онгоцоос бушуухан үсэр гэж үг бий.
     Хамгийн гол гэж хэлж болох өөр нэг зүйл нь өөртөө итгэлтэй байх. Та яг л мэргэжлийн тамирчин шиг ялалтандаа бат итгэлтэй байх ёстой. Хэрвээ өөрийнхөө гаргасан шийдвэрт эргэлзэж байвал тулалдаанд орох хэрэггүй. Эргэлзэж байнаа гэдэг чинь юу хийж байгаагаа 100 хувь мэдэхгүй байна гэсэн үг. Машинаа гүйцэд эзэмшээгүй, хөдөлгөөний дүрмээ мэддэггүй хүн осол гаргах магадлал өндөр байдагтай яг ижил. Зарим хүн тодорхой хэмжээний аз ч хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ мэдлэгтэй хүнийг аз түших магадлал хавьгүй илүү.
     Орох гарах хаалгаа мэддэг байна гэдэг бол өөр нэгэн шаардлага. Үүнд харин нэлээн их техник болоод фундаменталь мэдлэг шаардлагатай. Гэрийн даалгавараа сайн хийх хэрэгтэй гэсэн үг. Хэдий гэрийн даалгавараа сайн хийсэн ч хүнд л илэрдэг нөгөө дутагдалууд бас л таньд илрэх болно. Ханш хангалттай унаад индикаторууд ёроолдоо хүрчихээд байхад дахиж унах байх гэж айсаар байгаад сайхан боломжийг алдах. Эсвэл ханш хангалттай өсөөд оройдоо хүрчихээд байхад үргэлжлүүлэн өсөх байх гэж шуналтсаар байгаад ашигаа алдах тохиолдол бий. Зах зээл бол айдас шунал хоёрын дунд явагддаг. Аль алийн хянаж нөхцөл байдалд эрүүл ухаанаар хандаж сурах юм бол бас нэгэн давуу тал. Дахин унах вий гэж айж байхад нь худалдаж аваад үргэлжлүүлэн өснө гэж шуналтаж байхад нь зар гэж үг бий.
     Хамгийн сүүлд нь өөрөөсөө энэ яг миний хийж чадах зүйл мөн үү гэдэгийг асуух хэрэгтэй. Мөнгө олох боломж байгаад байдаг. Тэгээд бүүр гэрээсээ хуруугаа хөдөлгөөл хийх ажил. Харин тэр бүхнийг даван туулах хүч байна уу гэдэгээ сайн бодох хэрэгтэй.  Магадгүй эртхэн тоглоомонд оролцохоос татгалзвал цаашид гарах олон хохирлоосоо ч зайлж байж болох юм. Хүн болгон тамирчин эсвэл дуучин болж чадахгүйтэй адил хүн болгон мэргэжлийн арилжаачин болж чадахгүй. Яагаад гэвэл хүн бүрт дээрх сэтгэл зүйн хүчин зүйл жигд заяагдаагүй. Хэрвээ үнэхээр үзээд алдахаар шийдсэн бол өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй л гэж бодож байна. Яг л ажилдаа хандаж байгаа шигээр.
   
 

1 comment:

  1. holboo barih yamar neg zuil uldeene uu yum asuumaar baina

    ReplyDelete