Sunday, May 4, 2014

Хайр

Олон төрлийн ухамсрууд оршдог. Тэд үргэлж өөртэйгээ төстэй ухамсрыг хайж байдаг. Ижил ухамсрууд бие биенээ олсон цагт хайр үүснэ.

Хайр таны дотор оршдог. Хайр таны гадна талд орших боломжгүй.

Жинхэнээсээ хайрлаж чаддаг хүн л жинхэнэ хайрыг олдог.

Хүн хайртай учрах үед зөвхөн бурханд л байдаг мэт бүх сайн шинжүүд хүнд аяндаа илрэн гардаг. Хүсэл тэмүүлэл, өршөөл энэрэл, тэвчээр, хүндлэл, баяр хөөр, энх тайван. Тиймээс хайр өөрөө бурхан юм биш үү? Тэр таны дотор оршдог. Хайр бидний ухамсрын төвшинг дээшлүүлж, биднийг эзэмдэн байдаг айдас, зовнил, хүлцэнгүй байдлын хүлээснээс сулладаг.

Хүмүүс хайрыг тайлбарлах гээд дийлэнхдээ олигтой илэрхийлж чаддаггүй. Чадахгүй байгаадаа биш бидний ярьж заншсан хэл буюу өдөр тутмын ашигладаг авианууд маань тухайн хэмнэлийг тайлбарлаж хүрэлцэхгүй байгаан. Тэгэхээр хүн гэдэг амьтны зохиосон харилцааны хэрэглүүр ихээхэн учир дутагдалтай байгаа нь илэрхий байна.

Хүн бол төрөлхөөсөө их аминчхан амьтан. Харин хайртай учрах үедээ олон зүйлээ золиосолж хайрынхаа үнэ цэнийг батлах гэж оролддог. Хайртай гэдгээ батлахын тулд өөрийнхөө хийх дургүй маш олон зүйлийг ямар идэвхтэйгээр хийнэ гээч. Тэгээд бүүр тэрнээсээ таашаал авна.

Хайрын нөгөө үзүүрт айдас оршдог. Хайрыг алдахаас айх айдас. Тэр нь магадгүй хүний амьдралын хамгийн түгшүүртэй мөчүүд ч байж болно. Эцсийн дүндээ та хайртай учирсанаар өөрийнхөө бүх сайн болон муу талуудаа бөөн бөөнөөр нь нээж олно.

No comments:

Post a Comment