Sunday, September 18, 2016

Өөрийгөө өөрчил

Махатма Гандийг дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц билээ. Хүн бүр түүнийг Энэтхэгчүүдийг удирдан Британы колоничилолын эсрэг тэмцэж 1947 онд тусгаар тогтнолоо олж авсаныг мэддэг. Махатма Гандийн сургаалиудаас сонирхоцгооё.

1. Өөрийгөө өөрчил
“Ертөнцийг өөрчлөхийг хүсвэл өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй.”
“Хүн төрөлхтний агуу чанар нь ертөнцийг өөрчилж чаддагтаа бус харин өөрийгөө өөрчилж чаддагт оршдог юм.”

Хэрвээ та өөрийгөө өөрчилвөл таны ертөнц ч өөрчлөгдөх болно. Аливаа зүйлийн талаар хэрхэн боддогоо өөрчилж чадвал таны мэдрэхүй болоод болж буй үйл явцад үзүүлэх хариу үйлдэл тань ч өөрчлөгдөнө. Таныг хүрээлэн буй ертөнц ч өөрчлөгдөнө. Өөрийн бодлоо өөрчилсөнөөр хүрээлэн буй орчноо шинээр харж өөрөөр хүртээд зогсохгүй хуучин бодол сэтгэхүйдээ хүлэгдэн байх үедээ хэзээ ч хийхгүй байсан, үгүй бол хэзээ ч төсөөлөхгүй байсан тэдгээр үйлдлүүдийг хийх боломж бүрдэх юм. Өөрийн гадаад ертөнцөө өөрчлөх үеийн хамгийн бэрхшээлтэй асуудал нь та хуучнаараа үлдэх магадлал юм. Таны хуучин дутагдлууд, уур уцаар, сөрөг сэтгэгдэл, өөрийгөө үгүйсгэсэн бодлууд тань байсаар ч байж мэднэ. Ийм тохиолдолд таны санаа бодол сөрөг сэтгэгдэлд хүлэгдэж өөрийн хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй ч байж мэднэ. Аливааг нухацтайгаар ухаалгаар бодож эхлэхгүй бол энэ байдал тань гүнзгийрсээр л байх болно. Таны дотоод мөн чанар аливаа зүйлээс асуудал хайж өөртөө олон дайсан бий болгосоор байвал улам их бэрхшээлийг үүсгэдэг билээ.

2. Таныг зөвхөн та л ойлгоно
“Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч намайг үгүйсгэж чадахгүй”

Аливааг хэрхэн хүртэх хүлээн авахыг тань зөвхөн та л өөрөө шийднэ. Ямарваа зүйлд хариу үйлдэл үзүүлэх хэвийн ба түгээмэл зан чанарууд байдаг. Гэхдээ энэ их ерөнхийлсөн. Та өөрийн бодол, сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө ямар ч тохиолдолд сонгох боломжтой. Та сандрах, хэтрүүлэн бодох, эсвэл бүүр уурлахгүй ч байж болно. Дандаа бөгөөд агшин зуурт өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан залж сурах хэрэгтэй. Таагүй үеүүд заримдаа тэгсхийгээд л замхарчихдаг. Эсвэл хуучин зуршил тань өөрийн эрхгүй гараад ирэх нь ч бий. Танаас өөр хэн ч таны бодол санааг хянаж, өөрчилж чадахгүй гэдгийг ухаарах тэр мөчөөс эхлэн энэ үзэл баримтлалаа өдөр тутмын амьдралдаа зуршил болгох хэрэгтэй. Өдөр ирэх бүр батжин хүчирхэгжих тэдгээр зуршлууд юм. Үүнийг хийснээрээ таны амьдрал хөгжилтэй бас хялбархан санагдах болно.

3. Уучилж зүгээр л өнгөрөө
“Сул дорой хүн хэзээ ч уучилж чаддаггүй. Уучлал гэдэг бол хүчтэй хүний шинж юм.”
“Эцэс төгсгөлгүй сөргөлдсөнөөр ертөнц тэр чигээрээ бүрэнхийлнэ.”

Муугийн эсрэг муугаар тэмцсэнээр амжилтанд хүрдэггүй. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ та өөрөө сонгодог гэж би урьд хэлж байсан. Аливаа зүйлд эерэгээр хандаж сурсанаар өөртөө болоод бусдад ч таатай нөхцөлийг бүрдүүлж байдаг. Өнгөрсөн зүйлийг уучилж зүгээр өнгөрөөсөнөөр та өөртөө болоод бусдад сэтгэлийн амар амгалан байдлыг бэлэглэж буйгаа ухаарах болно. Муу зүйлийг гүнзгийрүүлэн бодож сууснаар тухайн нөхцөл байдлаас юу ч сурахгүй ухаарахгүй байдалд хүргэнэ. Аливаад сөрөг хариу үзүүлсэнээр өөрийгөө улам ихээр зовоож тэр нь аажмаар таныг тамирдуулах болно. Хэрвээ та уучлахгүй бол өнгөрсөн үе болоод бусад хүмүүс таны өнөөдрийг удирдах болно. Уучилсанаар та өөрийгөө тухайн ачаанаас чөлөөлөх юм. Тэгсэнээр та амьдралынхаа дараачийн үе рүү анхаарлаа хандуулж төлөвлөх боломжтой болдог.

4. Хийхгүй бол амжилтанд хүрэхгүй
“Жоохон ч атугай туршлага нь мянган удаа төсөөлсөнөөс илүү үр дүнтэй”

Юу ч эхлэхгүйгээр байрнаасаа хөдлөх боломжгүй. Гэхдээ эхлэх нь хэцүү бөгөөд бэрхшээлтэй байж болох. Таны дотоод сэтгэлд зөрчилдөөн ихээр үүсдэг. Олонх нь бодолдоо л хүлэгдсээр байдаг. Эсвэл эцэс төгсгөлгүйгээр уншсаар сурсаар л байдаг. Урагшилсаар л байна гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Гэхдээ туршлагатай туршлагагүй хоёрын хооронд том ялгаатай болох нь амьдрал дээр харагдана. Хаана хүрч хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ утгаар нь ойлгохын тулд танд туршлага хэрэгтэй. Ном танд мэдлэгийг л өгнө. Та тэр мэдлэгээ үр дүн болгохын тулд ажиллаж хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Энэ бэрхшээлийг даван туулахад тань 9 – р зөвлөгөө танд туслах болно.

5. Өнөөдрөө хайрла
“Би ирээдүйг харахыг хүсэхгүй байна. Надад өнөөдөр маань чухал. Бурхан надад ирээдүйг өөрчлөх хүч хайрлаагүй.”

Өөрийн дотоод зөрчилөө даван туулах хамгийн зөв алхам нь өөрийн өнөөдрийн байгаа байдалтайгаа эвлэрч, зөв дүгнэлт өгөх юм. Яагаад? Өнөөдөртөө анхаарлаа хандуулсанаар тэртээ тэргүй хянаж үл чадах ирээдүйг бодож өөрийгөө зовоохгүй юм. Өнгөрсөн алдаа эндэгдлээ бодож зүрхшээх эсвэл ирээдүйд бүтэлгүйтэх вий гэж бодон тээнэгэлзэх аюулаас таныг чөлөөлөх билээ. Ингэснээр өнөөдрийн ажил үйлстээ анхаарлаа хандуулж хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байх юм. Өнөөдрөөрөө байж сурна гэдэг бол булчингаа хөгжүүлж томруулдаг шиг сэтгэл зүйн дадал зуршил юм гэдгийг битгий мартаарай. Цаг хугацаа өнгөрөх тусам дадал зуршил тань улам батжиж урсгалаараа хийгддэг болно.

6. Бүгд л хүн
“Би бол бүх л хүний адилаар жирийн л нэгэн хүн билээ. Гэхдээ би өөрийн буруугаан хүлээж, алдаагаан засч залруулах сэтгэлийн тэнхээтэй.”
“Хүн өөрийн хүч чадалдаа хэт эрдэж болохгүй. Хамгийн хүчтэй хүн ч ялагдаж, хамгийн ухаантай хүн ч төөрөлддөг гэдгийг мартаж болохгүй.”

Аливаа агуу амжилт гаргасан хүний амжилтыг хэтэрхий ихээр домог мэт хүлээн авсанаараа та бодит байдлаас хөндийрдөг. Өөрийгөө тэднээс өөр хүн гэж төсөөлсөнөөр тийм амжилтанд хүрч чадашгүй мэт сэтгэгдлийг өөртөө бий болгоно. Тухайн хүн хэн ч байсан бай тэр бол энгийн л нэг хүн гэдгийг санах хэрэгтэй. Бид бүгд л хүн болохоор ялгаагүй л алдаа гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүсийг шаардлагагүй төвшинд хайрцагласанаар та өөртөө болоод өөрийн ертөнцийг үзэх үзэлдээ зөрчилдөөн үүсгэдэг. Алдах гаргах тоолондоо өөрийгөө буруутгадаг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Үүний оронд юун дээр алдаа гаргаснаа дүгнэн бодож цаашид тийм алдаа гаргахгүй байх талаар бодох хэрэгтэй. Тэгээд дахин оролдоорой.

7. Шаргуу бай
“Тэд эхнээс нь таныг эс тоомсорлоно, дараа нь инээлдэнэ, тэгээд тантай зодолдоно, эцэст нь та ялна.”

Шаргуу тууштай бай. Цаг хугацаа өнгөрсөөр таны эргэн тойрон дах өрсөлдөгч нар нэг нэгээрээ сулран ялагдаж эхлэнэ. Тэгээд таны өөрийгөө хойш нь татдаг, өөрийгөө үгүйсгэдэг зан тань багаар багаар суларч замхарна. Өөрийн хийх дуртай зүйлээ олох хэрэгтэй. Тухайн зүйлийнхээ төлөө өөрөө өөрийгөө зоригжуулж дахин дахин оролдсоор байх хэрэгтэй. Гандигийн тайван тэмцэл амжилт олсон шалтгаан нь Ганди болоод түүний дагалдагч асар их тэвчээртэй, тууштай байсанд оршино. Тэд хэзээ ч бууж өгөөгүй юм. Амжилт ба ялалт нь таны хүссэн шиг тийм ч амар ирэхгүй. Хүмүүсийн амжилтанд хүрдэггүй гол шалтгаан нь тэд хэтэрхий хурдан бууж өгдөгт байдаг гэж боддог. Тэдний төсөөлж байгаа цаг хугацаа нь амжилтанд хүрэхэд хараахан хүрэлцдэггүй. Ийм алдаатай бодол нь харамсалтай нь бидний ертөнцөд түгээмэл байдаг билээ. Бидний хуурмаг ертөнцөд эм уугаад л жингээ хасна эсвэл гучхан хоногийн дотор их мөнгөтэй болно гэж сурталчилдаг.

8. Хүмүүсийн сайн чанарыг олж хар, тэгээд тэдэнд тусал
“Би хүнээс сайн чанарыг нь олж харахыг хичээдэг. Би өөрөө дутагдал ихтэй тул бусдын дутагдлыг чичлэх утгагүй билээ.”
“Хүний агуу чанар бусдын төлөө хэр их ажилласанаар хэмжигдэнэ.”
“Хэзээ нэгтээ удирдагч хүчирхэг бие хаатай байсан, харин өнөөдөр бусдыг ойлгож байвал удирдагч болно.”

Бараг хүн бүрт л ямар нэг сайн чанар байдаг. Муу чанарууд ч бий. Алин дээр нь анхаарлаа хандуулахаа та л шийднэ. Хэрвээ сайжрахыг хүсвэл хүний сайн чанарыг олж сурах нь чухал билээ. Ингэснээр таны амьдрал илүү хялбар хөгжилтэй болж бусадтай харилцах харилцаа тань эерэг болно. Бусдын сайн талыг олж харсанаар бусдын сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөх урам зоригтой болдог. Бусдад тусласанаараа зөвхөн тэдний амьдралыг сайжруулаад зогсохгүй өөр эерэг үр дүнд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрсөөр та хөдөлмөрийнхөө үр дүнг амьдралд харж эхлэнэ. Таны тусалж байсан хүмүүс өөрсдөө бас бусдад туслах сэтгэл, зорилготой болж эхэлдэг. Таны эхлүүлсэн сайхан сэтгэлийн аян бусдад халдварлаж эрч хүчээ улам ихээр авсаар байх болно. Нийгмийн харилцаан дахь ур чадвараа сайжруулсанаар та нийгэмд нэр нөлөөтэй болж байр суурь тань батжиж эхэлдэг билээ.

9. Өөрөөрөөн бай
“Аз жаргал гэдэг бол сэтгэл зүрхнээсээ бодож, хэлж, хийхийг хэлнэ.”
“Үг үйлдэл тань үргэлж чин сэтгэлээсээ байх ёстой. Өөрийгөөн үргэлж тайван байлгаж болж бүтнэ гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.”

Харилцааны ур чадвараа сайжруулах гол зарчим нь өөрийнхөөрөө байж чин сэтгэлээсээ харилцах юм. Илүү дутуу зүйлгүй байгаагаараа энгийн буй хүнд хүмүүс дуртай байх хандлагатай байдаг. Таны бодол санаа, үг үйлдэл хоорондоо зохицож буй үед та өөрөө ч аз жаргалыг мэдэрдэг билээ. Та өөрийгөө хүчирхэг, шударга зарчимч хүнээр төсөөлнө. Хэрвээ таны бодол санаа үг хоёр зохицолдож байвал энэ нь таны үйл хөдлөлөөр илэрдэг. Яагаад гэвэл таны хоолойн өнгө, биеийн хэл 90 хувь зохицолдох бөгөөд энэ нь бусдад өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Ийм тохиолдолд таны хэлж ярьж буй зүйл бусдын анхаарлыг илүү ихээр татна. Таны харилцаа худал хуурмаг биш үнэхээр чин сэтгэлээсээ гэдэгт бусад хүн итгэх болно. Таны үйл хөдлөл, үг яриа зөрөлдөж байх үед та өөртөө үл итгэх бөгөөд бусад хүн ч танд итгэхээн байдаг.

10. Үргэлж өсөн дэвж
“Үргэлжийн өсөн дэвжилт бол амьдралын хууль юм. Өөрийн үзэл баримтлалаа байнга хамгаалах гэж оролддог хүн гарах гарцгүй мухардмал байдалд ордог.”

Та үргэлж өөрийн ур чадвар, дадал зуршилаа сайжруулж чадна. Өөрийнхөө тухай болоод ертөнцийн талаар илүү ихийг нээн мэдэж болно. Гэхдээ та туйлбартай биш эсвэл юу хийхээ мэдэхгүй ч байж болно. Та аливаад туйлбартай хандаж сураагүй эсвэл биеээ хэт барьдаг байх магадлалтай. Гэхдээ энэ байдлаа зогсоохгүй бол та мухардмал байдалд орно. Таны байгаа орчин эсвэл үзэл баримтлал тань хэвийн мэт санагдаж болох ч сэтгэлийн гүндээ нэг л биш байгааг гадарлана. Ийм байдалд байх нь тийм ч таатай бус. Өөрийгөө байнга хөгжүүлэх нь сонирхолтой бөгөөд зөв зам юм.

No comments:

Post a Comment