Wednesday, December 26, 2012

Амаараа амьдралаа алдахуй

Орчин үед хүмүүс тусч буй өвчнийхөө бараг 80 хувийг амаараа олж байна гэж үзсэн байна лээ. Тэгэхээр энэ их бөөнөөр нь үйлдвэрлээд байгаа корпорацийн хүнсэнд но байнаа гэсэн үг. Угтаа бол их энгийн шүү дээ. Элдэв химээр бордсон шалдар булдар юм авч идэхгүй яг хэрэгцээтэй зүйлсээ л идэх хэрэгтэй. Огт хэрэггүй хорнууд гэхээр зүйл гэвэл чипс, чихэр, хийжүүлсэн ундаа, элдэв янзын хоол амтлагчууд гээл хөвөрч өгнө. Алийг нь ч хэрэглэхгүй байсан хүнд муудах зүйл байхгүй. Харин ч улам л эрүүл мэндэд тустай. Хоол хүнс гэдэг чинь уг нь хүнийг амьд явах хугацаанд нь тэжээл өгч эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөхөд нь тус дэм болох учиртай. Өнөө үед хүмүүс зүгээр л зугаа гаргах гэж л иддэг болжээ. Орой зурагт үзэж байхдаа, компьютерийн ард суухдаа идээл сууна. Ялангуяа юм үзэж байхдаа идэж буй хүн өөрийнхөө хэр их идэж байгааг анзаардаггүй гэдэг. Ширээний ард суугаад идээгүй хоол шингэц муутай, хоолшдоггүй гэж ярьдагдаа. 
Орчин үеийн хүний хувьд идэх нь архи, тамхины хэрэглээ шиг муу зуршилын төвшинд хүртэл очжээ. Байгаль дээр амьтан амьд байхын тулд иддэг байхад хүн зүгээр л идэхийн тулд иддэг болчоод байна. Одоо нийгмийн дунд санаа зовоосон асуудал болоод байгаа таргалалт ч үүнтэй холбоотой. Зөвхөн өдөр тутмын энергиэ олж авах хүнс хэрэглэхийн оронд өдий төдий чихэр шоклад, гурилан бүтээгдэхүүн, шарсан төмс гэх мэтчилэн огт хэрэггүй зүйлсийг эргүүлж эрүүл мэндээ хордуулж байна. Та өөрийгөө сайн анзаараарай. Орой гэртээ ирсэнээс хойш унтах хүртлээ ер нь хэр их юм идэж байна гэдгээ. 
Миний хэлэх гээд байгаа санаа бол элдэв давсалсан, амталсан, хийжүүлсэн хүнснээс татгалзаад өөрт зайлшгүй хэрэгцээтэй хүнсийг л хэрэглэ. Ус их уу. Давс, чихрийн хэрэглээгээ багасгах юм бол таны бие организмд маш түргэн өөрчлөлт гарна шүү. Корпорацийн хүнс гэдэг аль болох сайхан амтагдахаар бүтээсэн байдаг. Ямар ч тохиолдолд тэр амтанд нь хүн дасч улам ихийг идмээр санагдуулж, байнгын худалдан авагч болгодог бүтээгдэхүүн юм. 
Ер нь аль болох бор хоол идэж байвал биед тустай. Дээд гурил биш 1 эсвэл хоёрдугаар гурил. Цагаан будаа биш бор будаа. Бидний хэрэглээд байгаа дээдийн дээд бүтээгдэхүүнүүд бол хүнд өгөх эрдэс бодис маш багатай, эрүүл мэндэд ач тус нь ч бага. Бор хоолноос энерги ялгарч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж биед хангалттай дулааныг бий болгоно. 
Өөрийг тань өвчин ороогоод, бие чинь тааруу байгаад байвал амаараа олж байгаа эсэхээ сайн бодож үзээрэй. Ам руугаа хийж байгаа хүнс бүрийнхээ өөртөө яг ямар ач тустай вэ гэдгээ судлах хэрэгтэй. Монголчууд олон мянганы турш уламжлалт хүнсээ хэрэглээд эрүүл саруул амьдарч байснаа яагаад сүүлийн хорин жилд хорт хавдраар тэргүүлэх орны нэг болчив гэдгийг бодоод үз. Та өөрийгөө амаараа хордуулаад байгаа бус уу?

No comments:

Post a Comment