Wednesday, December 18, 2013

Сайжрахыг хичээ

Нэг зүйл тодорхой. Бид бол нэг зүйл амьтан. Гэхдээ дараагийн шатанд гарч чадсан амьтан. Бид өөрсдийн оршин буйг мэддэг. Өөрсдийн оршин буйг мэддэг амьтан үргэлж сайжирч, дэвжихийг хичээх хэрэгтэй. Таныг юу хамгийн ихээр сайжруулсан бэ гэж бодох үед сайхан сэтгэл, нөхөрлөл гэдэг хариулт толгойд чинь орж ирэх болов уу. Сайхан сэтгэл, нөхөрлөл хүнийг хамгийн ихээр өөд нь татдаг. Нөхөрсөг дотно харьцааг үүсгэсэнээр бие биенийхээ амжилт, амьдралыг дэмждэг болж бүх л зовлон жаргалаа хуваалцана. Сайхан сэтгэл гэдэг бол хүнд заяагдсан хамгийн сайхан чанар юм. Ийм зүйл заяагдсан байгаа нь өөрөө гайхамшиг билээ. Хайр, магтаал, хүндлэл эдгээр нь үргэлж сэтгэл баясгаж, хүн бүр дуртай байдаг.
Олон хүн дуучин болохыг хүсч гэртээ дуулдаг ч дийлэнх нь гэрээсээ гарч дуулах зориг хүрдэггүй. Гэхдээ гэрээсээ гарч оролдохгүй өнгөрөх юм бол та хожим нь бүүр ч ихээр сэтгэлээр унах болно. Хэрвээ оролдоод үзсэн бол яах байсан бол гэх бодол таныг үргэлж даган зовооно. Хүн болгонд хүрхиймсан гэсэн зорилго байдаг. Харин дийлэнх нь маань тэрийгээ огт оролддоггүй эсвэл эхэлдэггүй. Зорилго мөрөөдлөө биелүүлэх гэж зогсолтгүй урагшлах юм бол аз жаргал ирдэг. Амжилт олох нь чухал ч амжилт олохгүй ч бай мөрөөдлөө дагана гэдэг бол сонирхолтой бөгөөд сургамжтай аялал билээ. Нэр алдартай, олны танил болох нь чухал бус таны хэн болох нь чухал юм. Олны танил болох нь аз жаргалд хүрэх гарц биш. Таныг хаа ч явахад олон хүн таниад эхэлвэл тэр нь тийм ч таатай бус. Та бодит байдлаас хөндийрч эхэлнэ. Яагаад гэвэл таныг таньж буй хүмүүс үргэлж өөрсдийн сайн талуудаа харуулах гэж хичээнэ. Харин та өөрийнхөөрөө байж чадахгүй. Тэдэнд таны талаар урьдчилан бэлтгэгдсэн сэтгэгдэл байгаа. Ялигүй л алдаа хийвэл тэр сэтгэгдлээс нь зөрж таныг муулах болно.
Олон хүний анхаарал, энерги тань руу төвлөрөх үед та маш их ядрах болно. Олны танил байхад бусад хүний жинхэнэ төрхийг олж харахад хэцүү. Тэд байдгаараа л эелдэг байхыг хичээнэ. Бусад хүмүүс гэхээс илүүтэйгээр өөрийгөө ойлгох л хамгийн хэцүү. Хүн бүр бусадтай харилцаж ойлгохыг хичээдэг атлаа өөртэйгөө ярилцах цагийг огт гаргадаггүй. Дийлэнх хүн өөрийн сэтгэл санаагаа ойлгодоггүй. Архинд донтож буй нь өөрийнхөө тархийг зориуд ажиллагаагүй болгож, өөртэй нь тулгарч буй бэрхшээлээс зугтааж буйн илрэл юм. Бодит байдлыг огт хүртэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Бодит байдлаас зугтаж буй нь хүн өөрийгөө зэрэмдэглэж байгаа нэг хэлбэр юм. Амьдралаас хулчийж байна гэсэн үг.
Өөрийгөө нээж, амьдралыг өөрөөр харахын тулд тархиа дасгалжуулах хэрэгтэй. Өдөр бүр нэг л зүйлээ хийгээд байвал та дэвжихгүй, сайжрахгүй. Юун түрүүнд өөртэйгөө ярилцаж сур. Биеэ мэдэрч сур. Дасгал сургууль хийж бие чинь хэрхэн хариу үзүүлж, улмаар тархи, сэтгэн бодох чадварт чинь хэрхэн нөлөөлж байгаа мэдэр, анзаар. Чимээгүй тайван орчинд өөртэйгөө сайн ярилц. Би үнэхээр зөв зүйл хийж байна уу, үнэхээр зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүл. Миний хийж буй зүйл бусад хүмүүст ямар ач холбогдолтой, ямар тустай талаар бод. Уураа хянаж сур. Уур олон зүйлийн, өөрөөр хэлбэл олон муу зүйлийн эхлэл болдог. Заримдаа хүн онц ноцтой биш зүйл дээр хүртэл уураан барж өөрийгөөн зовоодог. Сайжирч дэвжин дэвшихийн тулд өөрийгөө ойлгож сурах л хэрэгтэй. Та өөрийгөө мэддэг гэж боддог ч дийлэнхдээ мэдэхгүй байдаг юм.

2 comments:

  1. амжилт хүсэе. хүнд хэрэгтэй өшөө олон зүйл хийгээрэй

    ReplyDelete