Monday, November 11, 2013

Сүлжээнд хууртаж ханадаггүй сүлжээчин Монголчууд

Нэг юмыг л гайхаад байдагийн. Хүмүүс яагаад дандаа сүлжээний бизнест хашрахгүй хулхидуулаад байдаг юм болоо гэж. Нэг бол их гэнэн, эсвэл азаа үзээд мөнгө олчих ч юм билүү гэж л боддог байхдаа. Мэдээж эхэнд нь орсон хүмүүс доороо олон хүн элсүүлж чадвал ашиг олдог байх. Доороо элсүүлсэн хүнийхээ мөнгийг л авч байна гэсэн үг. Тэрнээс ажилын хөлс гэж хэлэхэд хэцүү. Дийлэнх сүлжээнүүд орлогын эх үүсвэргүй гишүүдийнхээ оруулсан мөнгийг л эргэлдүүлж байдаг. Орифлэйм мэтийн сүлжээ бол нөгөө хүнд хэрэггүй хогийн бараагаа хүнд шахах гээд гүйгээд байдаг нь. Ер нь тэгээд мэдсээр байж хүний шунал гэдэг чинь хязгааргүй болохоор зовж олсон хэдэн төгрөгөө сүлжээ рүү бариад гүйчдэг юм шиг байгаан. Сүлжээг нээсэн луйварчдад сайн дураараа хандив өргөж байна л гэсэн үг.

Club asteria гэдэг юм хэдэн сарын өмнөөс нэтээр гараад эхэлхээр нь эхэндээ нэг их тоодоггүй байлаа. Сүүлдээ бүүр хаа сайгүй реклам нь гараад Монголчууд хүртэл блог энэ тэр нээгээд санхүүгийн эрх чөлөөний талаар тунхаглаад эхлэхээр нь өөрийн эрхгүй сонирхоод эхэллээ шүү. Хамгийн сонирхол татаж байсан зүйл мэдээж орлогын эх үүсвэр. Яаж тэр олон хүнд сард мянга мянгаар мөнгө өгөх гээд байна вэ гэдэг сэжигтэй санагдаж байв. Хувьцаат компаниуд жилд нэг л удаа ногдол ашиг тараадаг. Долоо хоног бүр хувь хүртээнэ гэдэг мэдээж үлгэрийн далай шүү дээ. Тэгээд ч сүлжээ гишүүд нь олон болоод ирэхлээр хүмүүст өгдөг мөнгө нь шууд багасч эхэлнэ. Астериа ч ийм зовлонд унаж байх шиг байна. За тэр даян дэлхийн үгээгүйчүүдэд тусална гэдэг үлгэр бол хамгийн инээдтэй нь. Нэг авгай л ядуу хүмүүсийн төлөө сэтгэл нь өвдөөд унтаж чадахгүй байв гэж. Хамгийн эмгэнэлтэй нь ийм сүлжээнд итгэсэн олон ядуу хүмүүс сүлжээ дампуурсаны дараа улам ч ядуу болж хоцорно. Хэдээ бороо Лукас эгчдээ бариад тууцан хүмүүс хэцүү еэ. 

Андреа Лукас гэгч этгээд хэн бэ? Тэр эртээ урт цагт бараг динозаврууд амьд байх үед дэлхийн банкны нэг салбарын захирал байжээ. Дэлхийн банк гээч нь АНУ-ын луйврын төв банк гэдэгийг хүн бүр мэднэ. Тийм л сүрхий байсын бол дэлхийн банкдаа л ажиллаад байхгүй яасын бол. Лукас эгээгийн сүлжээний бизнес эхлэх болсон шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн сүйрэлтэй холбоотой байх. Мань хүүхэн үл хөдлөх хөрөнгөөр ажиллаж байж л дээ. Хэдэн жилийн өмнө АНУ-д үл хөдлөх хөрөнгийн том сүйрэл боллоо шүү дээ. Тэгээд л санхүүгийн хувьд шархалсан хэрэг. Лукас эгчид богино хугацаанд мөнгө олох шаардлага гарлаа. Тэгэхийн тулд Клуб Астериа гэдэг тогтмол орлогогүй, үйлдвэрлэлгүй, өөрийн бараа бүтээгдэхүүнгүй хүмүүнлэгийн байгууллагаа байгуулж даян дэлхийн үгээгүйчүүдэд туслахаар болжээ. Андреа гийн аз болж дэлхий дээр шуналтай эсвэл тэнэг хүмүүс хангалттай байсан бөгөөд сар бүр 20 доллар төлөөд санхүүгийн эрх чөлөөнд хүрч болно гэж мөрөөдөх болжээ. 

Сүүлийн үед гарсан таатай мэдээ гэвэл уг клуб долоо хоног бүр хувь хүртээхээ больж байгаа бөгөөд гишүүддээ цахилгаан бараа зарахаар болсон байна. Пассив инком буюу идэвхгүй орлого олохоор бэлтгэж байсан хүмүүс маань Лукас эгчийн цахилгаан барааны дэлгүүрийн үйлчлүүлэгч болох нь энэ. Таны Asterios үнэ цэнээ алдаад байгаан бишүү?

No comments:

Post a Comment