Saturday, November 9, 2013

Сэтгэцийн эрүүл мэнд

Ном унших хэрэгтэй. Элдэв хэрэгтэй хэрэггүй детектив ном биш жинхэнэ ном унш. Сэтгэл зүйн, хүн судлал, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны талаар. Тэр дэлхийн сонгодог бүтээл туурвиад байгаа хүмүүс чинь өөрсдөө сод авьяастай болохоор хүний сэтгэл зүйн нарийн ширийнийг янзтай сайн гаргана шүү дээ. Уншихгүйгээр тархи чинь юмыг ургуулан бодож дүгнэлт хийж чадахгүй. Умш умш бас дахин умш. Тухайн зохиолын гол дүрд тохиолдож буй үйл явдал, түүний бодол хариу үйлдэл нь өөрөө сэтгэл зүйн задаргаа шүү дээ. Интернет зурагт таньд мэдээлэл өгөх ч таны тархины үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бэлэн будаа л гэсэн үг. Уншиж байж л та өөрийнхөөрөө эргэцүүлэн бодож, гаргалгаа хийж чадна. За тэгээд цэвэр агаарт сайн яв, спортоор хичээллэ, бүү бухимд. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Сайн унтаж амар. Ядарсан хүнд бүх зүйл хэцүү төвөгтэй мэт санагдана. Ядралтыг дагаж айдас үүсдэг гэдэг. Айдастай хүн аливаад үргэлж сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. Үүнээс үүдээд нийгмийн харилцаанд чинь асуудал үүснэ. Ёс суртахуун бол жинхэнэ шинжлэх ухаан дээр үндэслэсэн байдгийг олон хүн мэддэггүй гэж Артур Шопенгауэр хэлсэн нь бий.
Сэтгэл зүйчид хандах тал дээр бол хэд хэдэн давуу тал байгаа байх шүү. Угаасаа нийгмийн аль ч давхаргад өөр өөрийн сэтгэлийн дарамттай хүмүүс байгаа. Тэр болгон найз нөхөд, гэр бүлийнхэндээ яриад байх нь бас эвгүй. Хүнд чинь бас заавал дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө хэн нэгэнд илэрхийлэх хэрэгцээ гэж бий. Тэгээд нарийн юмнуудаа өөрийгөө сайн мэддэг хүнд илэн далангүй яриад байх нь тийм ч таатай бус. Иймийн учраас л сэтгэл зүйчид хандах шалтгаан болдог байх. Түүнчлэн уг сэтгэл зүйч тухайн чиглэлээрээ олон жил ажиллаж тодорхой туршлага хуримтлуулж, олон үйлчлүүлэгчийнхээ адил төстэй талуудаас олон талын дүгнэлт хийж сурсан байгаа нь мэдээж. Яг л талбай дээр тоглож байгаа тоглогчийн алдаа оноог дасгалжуулагч нь илүү сайн олж хардагтай ижил юм. Хүн өөрөө өөрийнхөө ямар алдаа хийж байгааг анзаардаггүй шүү дээ. Хүний алдааг хөндлөнгөөс харахад илүү хялбар байдаг. 

Бас нэг зүйл гэвэл сэтгэл зүйч нь тухайн үйлчлүүлэгчээсээ илүү туршлагатай, амьдралын талаар илүү мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрвээ та нэг хүнд хандаад тэр хүн чинь таньтай ижил төвшиний мэдлэгтэй бол та ямар ч шинэ зүйл олж мэдэхгүй. Тэгэхээр таньд зөвлөгөө өгч байгаа хүний авьяас чадвар, мэдлэг, туршлага их чухал юм. Тэгээд тэр зөвлөгөө өгч байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ байх ёстой. Зөвхөн мөнгөний төлөө биш. Зарим улсад зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч болохын тулд заавал анагаахын сургууль төгссөн байх шаардлагатай байдаг гэсэн. Тэгэхээр уг мэргэжлийг эмчийн төвшинд авч үздэг, сэтгэлийг эмнэж байгаа хүн нь өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн анагаагч байх ёстой гэсэн өндөр шалгуур тавьж байнаа гэсэн үг.

No comments:

Post a Comment